hantaishir

taishir

хонины аж ахуй

Оршил

Монголчууд олон зууны турш мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлалаас үзвэл 5 хошуу малын дотор хонь зонхилж үржүүлдэг байна. Нийт малын 50 гаруй хүвийг хонь эзэлж байсан.
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн үеэс ямааны ноолуур ноолууран бүтээгдэхүүний үнэ өссөн учраас ямаа өсгөх сонирхол малчдыг өөрийн эрхгүй эзэмдсэн. Ингэснээр 2009 оны байдлаар нийт малын дотор хонины эзлэх хувь 44 болж, Нэг хотонд байх хонь, ямааны тоо 1:1 болсон байна.
Монголчууд хонийг хотны чимэг, махан зоог, ноосыг эдлэлийн эх гэж нэрлэдэг байжээ. Бэлчээрийн монгол хонины мах амт, шимт чанараараа бусад малынхаас давуу. Монголчууд хоньтой бол хотойхгүй гэдэг. Хонь монгол хүний амьжиргааны гол үндэс болсоор ирсэн. Хонь өсгөснөөр мах, сүүгээр хүнсээ болгодог, ноосоор нь гэрээ бүрж, эсгий ноосон эдлэл хийж, арьсаар нь дээл, хувцас оёж унах морь, ачих шарнаас бусад хэрэглээг хонины аж ахуйгаас хангадаг гэж хэлж болох юм. Хонины хоргол хөрзөн маш илчлэг түлш болдог. Хөрзөнгөөр хороо, хашаа барьж бууцыг дэвсгэр манаас болгож хэрэглэдэг.
Монгол орны өргөн уудам нутгийн өвөрмөц нөхцөлд зохицон үржиж ирсэн нутгийн олон омгийн хонь байдаг

Хонины аж ахуй: Монгол хонь жилийн турш бэлчээрээр өсгөхөд зохицсон эрс тэс уур амьсгалтай байгалийн нөхцлийг тэсвэрлэх чадвартай бие даасан үүлдэр юм. Таван хошуу малын дотор тоо толгойгоор II, таваарын бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүн байранд ордог. Монгол хонийг мах, өөх, ноос, арьс, сүү зэрэг бүтээгдэхүүнийг ашиглах чиглэлээр өсгөдөг боловч мах өөхний чиглэлтэй.

Монгол улс 18.2 сая гаруй хоньтой бөгөөд нэг хүнд ноогдох хонины тоогоор дэлхийд Шинэ Зеланд, Австралийн дараа орно. Сүүлийн арван жилийн дунджаар жилд 3.2 сая орчим хонийг хэрэглээний эарлагад ашиглаж нядалгааны жингээр 107 мян тн бог малын мах бэлтгэсний 3/4 илүү нь хонины мах юм. Жил тутам 20 мянга гаруй тонн ноос бэлтгэдэг.

Монгол хонины амьдын жин дунджаар 40 кг, махны гарц 53 хувь байдаг. Нэг хониноос дунджаар 1.5 кг орчим ноос авна. Ширүүн, ширүүвтэр ноос нь хивс. ноосон нэхмэл, сүлжмэл, эсгий, эсгий гутлын үйлдвэрийн гол түүхий эд болдог. Арьс нь савхин болон нэхийний үйлдвэрт үндсэн түүхий эд болон ашиглагдана. Монгол үүлдрийн хонь бусад төрлийн малыг бодвол түргэн өсөлттэй, тэсвэр хатуужилтай, жилийн турш бэлчээрээр маллахад дулааны улиралд таргалж, хүйтний улиралд нилээд туравч үхэл хорогдол харьцангуй бага байдаг онцлогтой. Монгол хонь отроор гойд сайн таргалдаг, амт чанар сайтай махтай, тэсвэр хатуужилтай өвөрмөц үүлдэр юм. Хонин аж ахуйд сүргийн зохистой бүтэц бий болгож хээлтэгчийн төллөгчийг ойртуулж, хувийн жинг 70-д хүргэж сүргийг өсвөр насанд нь таваарт шилжүүлэн технологийн шинэ тогтолцоо нэвтрүүлэх нь чухал юм. Хонины аж ахуйд гиссар, эдельбаев зэрэг гадаадын түргэн өсөлттэй үүлдрүүдийг ашиглан эрлийзжүүлбэл таваарын бүтээгдэхүүн нэмэгдэнэ.

Нутгийн монгол хонийг сонгож үржүүлэх буюу ноос ихтэй өөр үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн хонины ноосны гарц, чанарыг дээшлүүлж байна. Эдгээрийн дотроос Орхонд хэд хэдэн үүлдрийн хонийг оролцуулж биеэр том, чийрэг, отор нүүдлийн тууврыг сайн дааж чаддаг, нарийвтар ноосны "Орхон" үүлдрийг бий болгожээ. "Орхон" үүлдрийн хонины амьдын жин монгол үүлдрийн хонины амьдын жингээс 15 хувиар илүү юм. Мөн ийм өндөр ашиг шимтэй нарийн ноосны "Хангай", ширүүвтэр ноост "Байдраг" хонины үүлдрийг бий болгов. Монгол үүлдрийн хонин сүрэгт гойд ашиг шимтэй. амьдын жин, ноосны гарц сайтай нутгийн шилмэл кирей, сартуул, илүү нугаламт, Баяд, Говь-Алтай, Сутай, Торгууд, Дархад, Үзэмчин, Барга омгийн хонийг сонгон үржүүлэх нь бага зардлаар бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх нэг гол арга гэж үздэг. Эдгээр хонийг үржлийн ажилд үүлдэр сайжруулагчаар олон аж ахуйд ашиглаж байна.Хонин сүргийн байршил харьцангуй жигдэвтэр боловч ойт хээрийн бүсийн бэсрэг уулсын бэл хөндий, хээрийн бүс, говийн бүсийн хойт захаар хонь өсгөх хамгийн тохиромжтой нутаг юм. Одоогоор Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Булган, Завхан, Хэнтий аймгууд 1000.0-1618.0 мянган толгой буюу хамгийн олон хоньтой. Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгууд 500.0-1000.0 мянган толгой, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгууд 500.0 мянгаас цөөн хоньтой. Монгол хонь богино хугацаанд тарга хүчээ авч үржин өсөхдөө сайн байдаг. Нөгөө талаар зарим аймгуудын хонин сүргийн тоо толгой Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймгууд дээрхээс хоёр дахин цөөн байна. Гэвч эдгээр үзүүлэлт нь хонин сүргийн байршлыг тодорхой харуулж чадахгүй. Учир нь аймаг бүрийн нутаг дэвсгэр, эдэлбэр газрын хэмжээ адилгүйтэй холбоотой. Иймд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 100 га-д ноогдох байдлаар авч үздэг. Ийм үзүүлэлтээр Монгол улсад хөдөө аж ахуйн эдэлбэрийн 100 га газарт дунджаар 10 хонь ноогдох боловч Өвөрхангай, Архангай, Хөвсгөл. Увс, Булган, Завхан, Төв, Хэнтий, Дундговь, Ховд, Сэлэнгэ, Баян-Өлгий, аймагт дунджаас хоёр дахин илүү 20-30 толгой хонь ноогдож байхад Дорноговь, Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, аймагт хоёр дахин цөөн хонь буюу 10-20 толгой ноогдож байна. Хонины байршлын тэгш биш байгаа нь юуны өмнө байгалийн онцлогоос хамаардаг. Үүний хамт хонины аж ахуйн байршилд аж ахуй тус бүрийн чиглэл зохих нөлөөгөө үзүүлж байна.

Хонин сүргийг тогтвортой өсгөхийн тулд бэлчээр, тэжээлийг зохистой хослох, хээлтэгч болон бойжуулах төлийн тоог нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг авна. Орон нутгийн газарзүйн орчинд зохицсон хонийг сонгон үржүүлж нутгийн сонгомол үүлдрийн удмын санг хадгалах явдал юм.

Цаашдын зорилт бол орон нутгийн байгалийн байдалд зохицсон хонин сүргийг сонгон үржүүлж нутгийн сонгомол үүлдрийн удамшлыг хадгалан хамгаалах явдал юм. Энэ талаар цар хүрээтэй цогцолбор арга хэмжээг судлан үзэж монгол нутагт зохицсон олон үүлдрийн ашиг шим арвин хонин сүргийг үржүүлнэ.

Хонин сүргийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ таваарлаг чанарыг нь дээшлүүлэх зорилго тавьж тодорхой бүсээр өсгөнө.

Ойт хээр, хээрийн бүсийн хойд хэсгээр орших аймгуудын зарим сум аж ахуйнуудад нарийн ба нарийвтар ноост хонь

Уулархаг хээрийн бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар өөхөн сүүлт болон ууцан сүүлт хонийг мах, өөх, нэхий, ширүүн ба ширүүвтэр ноосны чиглэлээр өсгөж

Уулын хээр, говийн бүсийн Говь-Алтайн хойд, Дундговь, Дорноговийн хойд хэсэг Өвөрхангай. Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр өөхөн сүүлт монгол хонийг нутгийн шилмэл омгийн хониор сайжруулж амьдын жин, ноосны гарцыг нэмэгдүүлж өсгөнө.

Говь цөлийн бүсийн хойд хэсгээр Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт арьс нэхийний чиглэлийн каракуль хонь өсгөж үржүүлэх боломжтой.

Энэ бол хонь өсгөх байгалийн нөхцөл байдал, газарзүйн хувьд тохиромжтой өндөрлөг, тэгш талархаг гадарга ихтэй хуурайвтар уур амьсгалтайд оршино.

Монгол хонь

Монгол хонь богино өөхөн сvvлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан vс оролцсон холимог ширvvн ноостой юм. Монгол хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах бөгөөд нядалгын жин дунджаар 23.51кг, гарц 48.12% байна. Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сvvний гарцтай, тослог 6.35 хувь, нийт хуурай бодисын 70 орчим хувийг уураг тос эзэлдэг. Уураг нь амин хvчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувь байна. Одоо манай улс 11.9 сая хоньтой бөгөөд бvдvvн, бvдvvвтэр ноост өөхөн сvvлт 1. Монгол 2. Байдраг 3. Баяд 4. Говь-Алтай 5. "Vзэмчин" vvлдэр 6. "Сартуул" vvлдэр 7. Дархад 8. Барга 9. "Сутай" омог 10. Хотонт 11. "Тамир" vvлдрийн хэсэг 12. "Керей" vvлдэр 13. "Торгууд" vvлдрийн хэсэг 14. "Алтанбулаг" vржлийн хэсэг 15. Хангай 16. Орхон 17. "Талын нутгийн цагаан" vvлдэр 18. "Ерөө" vvлдрийн хэсэг 19. "Жаргалант" vржлийн 20. Сvмбэр хэсгийн цэвэр, эрлийз 1.7 сая хонийг vржvvлж байна

. Эдгээрийг дараах байдлаар ангилдаг байна.

1. Бүдүүн, бүдүүвтэр ноост хонь

Бүдүүн ноос нь ноолуур, завсарын үс, сор үс, хялгаснаас бүрддэг. Ийм ноосоор голдуу эсгий хийдэг. Бүдүүвтэр ноос нь ноолуур, завсрын үс, сор үснээс бүрддэг. Ийм ноосоор сайн чанарын хивс, бүтээлэг зэргийг хийхэд тохиромжтой. Энэ чиглэлийн хонийг өөхөн сүүлт, ууцан сүүлт гэж ангилан үздэг.

А. Өөхөн сүүлт хонь
1. Монгол /халх/ үүлдэр
2. Говь-Алтай үүлдэр
3. Байдраг үүлдэр
4. Баяд үүлдэр
5. Үзэмчин үүлдэр
6.Сартуул үүлдэр
7.Дархад омог
8. Барга омог
9. Сутай омог
10. Хотонт үржлийн хэсэг
11.Тамир үүлдрийн хэсэг

Б. Каракуль хонь
1.Сүмбэр үүлдэр

В. Ууцан сүүлт хонь
1.Керей үүлдэр
2.Торгууд үүлдрийн хэсэг
3. Алтанбулаг үржлийн хэсэг

2. Нарийн нарийвтар ноост хонь

Энэ чиглэлийн хонины аж ахуйг нарийн ноост хонь, нарийвтар ноост хонь гэж ангилж үздэг. Нарийн ноост хонь нэг төрлийн үс буюу дунджаар 20-25 мкм нарийн голчтой ноолуураас тогтсон, багц хэлбэрийн ноостой байдаг. Ийм хонины ноос шигүү 1 см2 талбайд 4 мянгаас 10 мянган ширхэг үс ургадаг. Энэ нь бүдүүн ноост хониныхоос 4-5 дахин их юм. Ноос өнгөлөг, зунгаг их, уян мяндаслаг зөөлөн. Үс шигүү ургадаг учир нэг хониноос дунджаар 5-6 кг ноос авах боломжтой.
Нарийн ноост хонь хундан цагаан зүстэй, шодон сүүлтэй байдаг. Нарийвтар ноост хонь бүдүүн ноолуур болон завсарын үсээс бүрдсэн багц хэлбэртэй ноостой байдаг. Үсний ширхэг 25 мкм-ээс их. Ихэнх үүлдрийн хонь Шодон сүүлтэй. Өөхөн сүүлтэй нарийвтар ноост хонины үүлдэр цөөн байдаг.
Манай улсад 1930-аад оноос нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх ажил хийгдэж эхэлсэн. Жилдээ 1500 тн ноос боловсруулах хүчин чадалтай нэхмэлийн үйлдвэр байгуулагдсан үеэс түүний үндсэн түүхий эд болох нарийн, нарийвтар ноосны хэрэгцээ өссөн. Энэ хэрэгцээг хангах зорилгоор явуулсан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын дүнд манай улсад анхны нарийвтар ноост хонины үүлдэр 1961 онд батлагдсан. Үүнээс хойш 30 жилд нарийн ноост хонины нэг, нарийвтар ноост хонины 3 үүлдэр болон үүлдрийн хэсэг бий болжээ.
Нарийн, нарийвтар ноост хонины аж ахуйг хөгжүүлснээр монгол нарийн даавуу, сүлжмэл эдлэл хийх нөхцөл бүрдсэн. Энэ чиглэлийн хонины 300-400 гр ноосоор 1 метр даавуу хийдэг бол 1 метр цэмбэ хийхэд 1 кг бүдүүн ноос ордог байна. Нарийн, нарийвтар ноост хонь жин, махны унац ихтэй, арьс нь гоёмсог үслэг эдлэл малгай, нэхий дээл хийх үнэ цэнэтэй түүхий эд юм. Хонины ноос, арьсны үнэ өссөөр байгаа нь малчдын орлого нэмэгдүүлэхэд чухал нөлөөлдөг. Нарийн, нарийвтар ноост хонь төлөрхөг санар сайтай 100 эм хониноос 130 хурга бойжуулах боломжтой.
Манай улсад нарийн нарийвтар ноост хонийг Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалан хөгжүүлэх тэжээл, байр, усаар хангах боломжтой бүс нутагт үржүүлэх нь тохиромжтой гэж үздэг.

Хангай үүлдэр
2. Орхон үүлдэр
3.Тал нутгийн цагаан үүлдэр
4. Ерөө үүлдрийн хэсэг
5. Жаргалант үржлийн хэсэг

Монгол /халх/ үүлдэр




Монгол хонийг эрт дээр үеэс эдүгээ хүртэл үржүүлж ирсэн. Монгол хонь бие даасан эртний үүлдэр юм. Монгол хонины биологи, аж ахуйн шинж байдал, ашиг шимийн талаар эрдэмтэн, судлаачид олон янзын судалгаа хийж үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, арвин мэдээлэл хуримтлуулсан.
Эдгээрийг нэгтгэн дүгнэж монгол хонины үүлдрийн тодорхойлолтыг бүтээснийг үндэслэн ХААЯ 1990 онд Монгол хонийг бие даасан үүлдэр болгон баталгаажуулжээ. Монгол хонины биологи, аж ахуйн шинж, ашиг шим, онцлог байдал, удам зүй, селекцийн асуудал, эдийн засгийн ач холбогдлын талаар судлаач эрдэмтэд олон арван бүтээл туурвижээ.
Монгол хонь манай орны өндөр уул, ойт хээр, тал хээр, говь, цөлийн аль ч бүс нутагт зохицсон, бэлчээрээр маллахад тэсвэртэй, чийрэг бие цогцостой, бэлчээрийн нөөц хомс, тэжээл бага байдаг өвөл хаврын улиралд онд мэнд орох онцгой чадвартай. Мах, өөхөн ашиг шим нь давуу хөгжсөн, махны амт нь гойд сайхан, бүдүүн ноостой. Ноос нь эсгий, цэмбэ хийх үндсэн түүхий эд болдог.
Нэгдүгээр зэргийн ноосоор хивс хийх боломжтой. Монгол хонины ноосны ноолуур нь нарийн чанартай учраас тусд нь ялгаж нэхмэл, сүлжмэл эдлэл хийж болно. Монгол хонины арьс хөрс зузаан, чанар сайтай тул зах зээлийн хэрэгцээ ихтэй. Богино өөхөн сүүлтэй, 100 эм хонь тутмын 8-10 нь ихэрлэнэ.
Намрын дундаж жин нь үржлийн хуц 63.5 кг, эм хонь 48.3 кг, ноосны жин нас гүйцсэн хуцнаас1.7 кг, төлгөн хуцнаас1.3 кг, эм хониноос 1.5 кг, охин төлөгнөөс 1.2 кг. Ноосны бүрэлдэхүүний 77 хувь нь ноолуур, 5.4 хувь нь завсрын үс, 6.0 хувь нь сор, 12 хувь нь хялгас эзэлдэг. Ноосны дундаж урт 9.5 см, ноолуурын урт 7.0 см. Ноолуурын нарийн дунджаар 20.7 мкм, ноосны цэвэр гарц 60.9 хувь. Ирэгний амьдын жин 60.4 кг, гулуузны жин 29.5 кг, махны гарц нь 49 хувь

Тал нутгийн цагаан үүлдэр




Тал нутгийн цагаан үүлдрийг 1992 он баталгаажуулсан. Энэ үүлдрийг бий болгохдоо монгол хонийг нарийн ноост Алтай, Өвөр байгаль үүлдэр, нарийвтар ноост Цигай үүлдэртэй эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргыг хэрэглэжээ.
Үүлдрийг зохион бүтээгч нь эрдэмтэн Г.Батсүх, зоотехникч Б.Түмэнхишиг, Д.Саарал нар юм. Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг Хэнтий аймгийн Өндөрхаан, Сүхбаатар аймгийн Асгат суманд үржүүлдэг.
Энэ үүлдрийн хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшлийн нарийвтар ноостой. Ноос нь багц хэлбэртэй, нэхмэл сүлжмэл хийхэд тохирох сайн чанарын арьстай.
Төлөрхөг чанар сайн /130%/. Үржилийн хуц дунджаар 75.0 кг, эм хонь 55.0 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 4.2 кг, эм хонь 2.6 кг, охин төлөг 2.1 кг нос өгдөг. Ноосны дундаж урт 7.0 см, нарийн нь 25.1-43.0 мкм. Ноосны цэвэр гарц 56%. Эр шүдлэн хонь 42.2 кг жин татаж 18.8 кг гулууз махтай. Махны гарц 44.5 хувь байна

Орхон үүлдэр




Монголын анхны нарийвтар ноост Орхон үүлдрийг 1961 онд баталсан. Орхон үүдрийг бий болгохдоо Монгол хонийг Прекос үүлдэртэй эрлийзжүүлж II үе гарган тэдгээрийг дотор нь үржүүлэн бие бялдар, ашиг шимийн зарим шинжүүдийг засан сайжруулахын тулд нарийвтар ноост Цигай үүлдэр, дараа нь нарийн ноост Алтай үүлдрийг ашиглан цус сэлбэх нарийн сонголт хийх аргыг хэрэглэжээ.
Орхон үүлдэр бий болгосон зохион бүтээгч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарт Монгол улсын төрийн шагнал, хоньчин Н.Хөх-Уул, Н.Гончигбал, Н.Тэрбиш нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.
Орхон үүдрийн хонины цөм сүргийг Сэлэнгэ аймгийн Орхон суманд үржүүлдэг. Энэ хонь бэлчээрээр маллахад зохицсон чийрэг бие цогцостой, тэсвэртэй, бие том, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар сайтай /115%/, жигд нарийвтар ноостой, ноос багц хэлбэртэй, нэхмэл, сүлжмэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой.
Үржлийн нас гүйцсэн хуц дунджаар 84.0 кг, төлгөн хуц 67.2 кг, эм хонь 57.5 кг, охин төлөг 48.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 5.6 кг, эм хонь 3.7 кг, төлгөн хуц 5.1 кг, охин төлөг 3.4 кг нарийвтар ноос өгдөг.. Ноосны урт 8.0 см, нарийн нь 25.1-31.0 мкм, ноосны цэвэр гарц 55%. Эр шүдлэн хонины дундаж жин 49.6 кг, гулуузны жин 19.8 кг, махны гарц нь 39.9 хувь байдаг

Хангай үүлдэр




Монголын анхны нарийн ноост Хангай үүлдрийг 1990 онд баталсан. Хангай үүлдрийн хонийг бий болгохдоо монгол хонийг нарийн ноост Алтай үүлдрээр нэгээс хоёрдугаар үе гартал цус шингээн эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлж ноосны зарим шинжийг засан сайжруулахын тулд Ставрополь үүлдрийг нэг удаа ашиглан цус сэлбэх аргыг хэрэглэсэн.
Ингэт толгойн сангийн аж ахуйд бий болсон энэ хонины эх сүргийг Сэлэнгэ аймгийн Зэлтэр, сүүлд Найрамдал сангийн аж ахуйд буюу одоогийн Цагааннуур суманд нүүлгэн шилжүүлсэн түүхтэй. Хангай үүлдрийг зохион бүтээгч нь нэрт эрдэмтэн, төрийн соёрхолт Б.Аюуш, мал зүйч Ш.Гомбосүрэн, хамтран бүтээгч нь Г.Алтангэрэл, Ө.Хэмжээт, Т.Жигмэд, Г.Динаажав, Н.Дашийв нар юм.
Хангай үүлдрийн хонийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үржүүлдэг. Хангай хонь ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар өндөр /125%/. Ноос багц хэлбэртэй, жигд нарийн. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой.
Үржлийн хуц 85.0 кг, эм хонь 58.0 кг, төлгөн хуц 45.0 кг, охин төлөгн 38.0 кг жин татадаг. Нас гүйцсэн хуц 7.0 кг, эм хонь 3.4 кг, төлгөн хуц 3.5 кг, охин төлөг 3.2 кг ноос өгдөг. Ноосны урт дунджаар 7.0 см, нарийн нь 18.1-25.0 мкм. Ноосны цэвэр гарц 49 %. Ирэгний жин 68.0 кг гулуузны жин 29.2 кг, махны гарц нь 42.9 хувь

Сүмбэр үүлдэр




Сүмбэр үүлдрийг 1990 онд баталсан. Монгол хонийг Каракулийн цус шингээж эрлийзжүүлэн гуравдугаар үеэс өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгожээ. Сүмбэр үүлдрийг зохион бүтээгч Ц.Тэрбиш, П.Нямдовчин, Д.Баатар, Т.Ванчиг, Б.Цагаач нар юм. Ц.Тэрбиш Монгол улсын гавъяат зоотехникч цол хүртжээ.
Сүмбэр үүлдрийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үржүүлдэг. Энэ үүлдэр нь цөлөрхөг хээрийн бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, хар, саарал, хүрэн өнгийн буржгар хурга гаргана.
Хонины зүс насаар өөрчлөгддөг. Хурга хар, улаан, саарал зүстэй гарч цаашид буурал болно. Буржгар хурганы арьсаар дээл, малгай, зах хийхэд нэн тохиромжтой.
Үржлийн нас гүйцсэн хуц дунджаар 68.0 кг, төлгөн хуц 54.0 кг, эм хонь 58.0 кг, охин төлөг 48.0 кг. Нас гүйцсэн хуц 2.6 кг, эм хонь 1.8 кг, эр охин төлөг 1.5-1.6 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 46 хувь нь ноолуур, 43 хувь нь завсарын үс, 11 хувь нь сор эзэлдэг. Ноосны урт 20.7 см, ноолуурын урт 8.0 см. Хурганы арьсны 80.2 хувь нь хар, 14.5 хувь нь саарал, 1.9 хувь нь сорлог, 3.4 хувь нь өнгөт байдаг. Буржгарын хэвшлийн ангиллаар 64 хувь нь тал дугуй, 22.8 хувь нь хавтгай хавирган, 12.3 хувь нь сахлаг байна

Керей үүлдрийг 1998 онд баталгаажуулжээ. Баян –Өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг нутгийн ууцан сүүлт хонийг шилэн сонгож өөр дотор нь үржүүлэх аргаар мах, өөх, ноосны чиглэлтэй тохиромжтой хэвшлийг бий болгож үүлдрийн хэмжээнд хүргэжээ.
Шинжээч мал зүйч О.Хатран, Х. Самилан нар нутгийн ууцан сүүлт хонийг үржүүлэх, үржил, ашиг шимийн чанарыг дээшлүүлэх селекцийн ажлыг олон жил хариуцан гүйцэтгэж их хувь нэмэр оруулжээ.
Үүлдрийн цөм сүргийг Баян-өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг. Керей үүлдэр нь Алтайн уулархаг нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, чацархаг, хондлойн хэсэг нь сэрвээнээсээ өндөр өргөгдсөн, том сүүлтэй, сүүл нь ацалсан хэлбэртэй түргэн өсөж томрох онцлогтой, мах, өөхөн ашиг шим сайтай, бүдүүн ноостой.
Голдуу улаан, хар, бор зүстэй. Нас гүйцсэн хуц 75.0 кг, төлгөн хуц 48.0 кг, эм хонь 56.1 кг, охин төлөг 45.6 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуцнаас 2.0 кг, төлгөн хуцнаас 1.6 кг, эм хониноос 1.3 кг, охин төлөгнөөс 1.4 кг ноос авдаг.
Ноосны бүрэлдэхүүний 92.0%, нь ноолуур, 1.2 %, нь завсрын үс, 3.1%, нь сор, 3.8 %, нь хялгас эзэлдэг. Ноосны урт 15.0 см, ноолуурын урт 8.0 см, ноолуурын нарийн нь 20.1мкм, ноосны цэвэр гарц 61.1%, эр шүдлэн хонины нядлагын жин 42.6 кг, гулуузны жин, 18.6 кг, махны гарц нь 43.7 %

Сартуул үүлдэр




Сартуул хонийг 2001 онд бие даасан үүлдэр болгон баталсан. Сартуул хонийг хамгаалан үржүүлэх, сайжруулах ажилд амжилт гаргасан Л.Лхаасүрэнд Монгол улсын гавъяат зоотехникч цолыг хүртээжээ.
Сартуул хонины цөм сүргийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд үржүүлж байна. Сартуул хонь хангай, говь хосолсон экологийн нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, харьцангуй тэсвэр сайтай, дунд зэргийн биетэй, ноос урт, бүдүүвтэр, ноосны чанар сайн, хивс хийхэд тохиромжтой, арьс нь харьцангуй нимгэн.
Нас гүйцсэн хуц 65.0 кг, төлгөн хуц 38.0 кг, эм хонь 43.8 кг, охин төлө 35.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 1.9 кг, төлгөн хуц 1.6 кг, эм хонь 1.5 кг, охин төлөг 1.5 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 79.6 хувь нь ноолуур, 7.1 хувь нь завсрын үс, 6.3 хувь нь сор, 6.7 хувь хялгас байдаг. Ноосны урт 18.8 см, ноолуурын урт 9.9 см, ноолуурын нарийн 20.7 мкм. Эр шүдлэн хонины жин 35.4 кг, гулуузны жин 15.4 кг, махны гарц 43.5 хувь

Үзэмчин үүлдэр





Үзэмчин хонийг 1991 онд бие даасан үүлдрээр баталсан. Эрдэмтэн, хонь судлаач З.Гончигжав 1972 оноос Үзэмчин хонины үржил, селекцийн ажлыг хөтлөн удирдаж “Үзэмчин үүлдрийн хонь” хэмээх бүтээл туурвижээ.
Үзэмчин хонины үржил, ашиг шимийг бататган сайжруулах үржлийн ажлыг зохих түвшинд хийж гүйцэтгэхэд үржлийн фермд ажиллаж байсан малзүйч Б.Шовоохой ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Үзэмчин хонийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн суманд үржүүлдэг.
Үзэмчин хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, догшин, лагсдуу, уртавтар биетэй, мах, өөхөн ашиг шим сайтай, сүүл дугариг, том, оршин байгаа экологийнхоо өвөрмөц нөхцөлд харьцангуй хурдан өсөж томрох онцлогтой.
Ноос нь хялгас ихтэй, ноолуур нь бусад омог хониныхоос нарийн (18.3 мкм). Үржлийн нас гүйцсэн хуц 70.7 кг, төлгөн хуц 50.0 кг, эм хонь 48.5 кг, охин төлөг 47.7 кг дундаж жинтэй. Хуц1.4 кг, эм хонь 1.3 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүнд ноолуур 74.2 хувь, завсрын үс 4.2 хувь, сор 2.7 хувь, хялгас18.9 хувь эзэлдэг. Ноосны урт 9.8 см, ноолуурын урт 8.7 см. Ноолуурын нарийн 18.3 мкм, ноосны цэвэр гарц 61.6 хувь. Эр шүдлэн хонины жин 46.9 кг, гулуузны жин 21.6 кг, махны гарц 46.0 хувь

Баяд үүлдэр




Баяд хонийг 1991 онд бие даасан үүлдэр болгон баталгаажуулсан. Үүлдрийг бий болгосон нь олон үеийн турш нутгийн хонийг шилж сонгон мах, ноосон ашиг шимээр давуу хэсгийг дотор нь үржүүлэх аргыг хэрэглэсэн урт хугацааны сонгон үржүүлгийн ажлын үр дүн юм.
Баяд хонийг үржүүлэх, ашиг шимт чанарыг дээшлүүлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга технологи нэвтрүүлж олон жил үр бүтээлтэй ажилласан Т.Сономпилд Монгол улсын гавъяат зоотехникч цол хүртээжээ.
Баяд хонийг Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь суманд зонхилон үржүүлдэг. Малчин суманд Баяд хонины үржлийн ферм байгуулагдаж шилдэг хуц бойжуулж бусад аймаг, суманд борлуулдаг байв.
Баяд хонь Их нууруудын хотгор, Ханхөхий уулын байгаль, экологийн нөхцөлд сайн зохицсон. Тэсвэртэй чийрэг бие цогцостой, мах, ноосон ашиг шим сайтай, нэг, хоёрдугаар зэргийн ноос нь хивс, хөнжил хийхэд тохиромжтой.
Үржлийн нас гүйцсэн хуц 61.5 кг, эм хонь 53.3 кг, төлгөн хуц 51.0 кг, охин төлөг 45.5 кг. Нас гүйцсэн хуцнаас 2.1 кг, эм хониноос1.8 кг, төлгөн хуцнаас 1.7 кг, охин төлөгнөөс 1.9 кг ноос авдаг. Ноосны бүрэлдэхүүний 85 хувь нь ноолуур эзэлдэг. Ноосны урт 16.3 см, ноолуурын урт 8.3 см юм. Ноолуурын нарийн 20.7 мкм, ноосны цэвэр гарц 69.8 хувь. Эр шүдлэн хонины жин 43.1 кг, гулуузны жин 19.8 кг, махны гарц 45.9 хувь

Байдраг үүлдэр




Байдраг үүлдрийг 1983 онд баталгаажуулжээ. Үүлдрийг бий болгохдоо нутгийн хониноос ноосны гарц, урт, чанараар сайн шилж өөр дотор нь үржүүлэх селекцийн аргыг хэрэглэсэн. Энэ хонийг үржүүлэх анхны ажлыг малзүйч Ц.Арвий, Б.Мягмаржав нар санаачлан эхэлж Говь-Алтайгаас Завханы Алдархаанд, тэндээсээ Баянхонгорын Байдрагийн тэжээлийн сангийн аж ахуйд тус тус шилжүүлэн өсгөн үржүүлж ирсэн түүхтэй ажээ.
Байдраг хонины биологи аж ахуйн ашигтай чанарын судалгааны бүтээлээрээ Ц.Арвий эрдмийн зэрэг хамгаалжээ. Байдраг үүлдрийг зохион бүтээгчид нь эрдэмтэн Ц.Арвий, малзүйч Б.Мягмаржав, Л.Сэндрээ нар юм. “Байдраг” сангийн аж ахуйд /хуучнаар/ үржлийн шилмэл хуц бойжуулж бусад аймаг, суманд борлуулдаг байв.
Байдраг үүлдэр нь бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Өөхөн сүүл нь бусад омог хониныхоос арай урт. Байдраг хонины ноос хялгасгүй, торгомсог, гялалзсан цагаан өнгөлөг, ноос нь урт 35 см хүрдэг учир дэлхийн хамгийн урт ноостой хонины үүлдэр хэмээн үнэлэгддэг. Ноосорхог, биерхэг, урт ноостой удмуудтай.
Нас гүйцсэн хуцны жин 67.0 кг, эм хониных 50.3 кг, ноосны жин хуцных 2.0 кг, эм хониных 1.8 кг. Ноосны бүрэлдэхүүний 87.3 хувь нь ноолуур, 7.0 хувь нь завсрын үс, 5.7 хувь нь нарийн сор байна. Ноосны дундаж урт 18.5 см, ноолуурын урт 12.0 см. Ноолуурын нарийн 21.9 мкм, ноосны цэвэр гарц 69.8 хувь. Эр хонины нядлагын жин 26.9 кг

Говь-Алтай үүлдэр




Монгол хонийг өөр дотор нь шилж үржүүлэн үүлдрийн хэмжээнд хүргэсэн юм. Говь-Алтай аймгийн Бугат суманд 1949 онд улсын хонины үржлийн сан байгуулжээ, Улсын хонины үржлийн сангийн анхны мэргэжилтнээр Ц.Арвий, Б.Мягмаржав нар ажиллаж байв. М.Даш Говь-Алтай хонийг судлан бүтээл туурвижээ.
Говь-Алтай хонийг 1991 онд бие даасан үүлдэр болгон баталж уг хонийг үржүүлэх ажилд амжилт гаргасан малзүйч Ч.Гэлэнд Монгол улсын гавъяат зоотехникч цол хүртээжээ. Энэ үүлдрийн хонийг Бугат, Цээл, Цогт суманд үржүүлдэг. Бугат суманд үржлийн ферм байгуулж шилмэл хуц бойжуулж бусад аймаг, суманд борлуулж байсан.
Говь-Алтай хонь Алтайн уулс, Өвөр говийн бэлчээрийн маллагааны нөхцөлд гойд зохицсон, чийрэг бие цогцостой, мах, өөхөн ашиг шим сайтай, голдуу гурван төрлийн үснээс бүрдсэн бүдүүвтэр ноостой, ноос нь чанар сайн, жигдлэгдүү учир хивс, бүтээлэг хийхэд нэн тохиромжтой.
Үржлийн хуцны дундаж жин нь 68.8 кг, төлгөн хуц 50.0 кг, эм хонь 54.0 кг, охин төлөг 45.0 кг. Ноосны гарц нас гүйцсэн хуцнаас 2.1 кг, төлгөн хуцнаас 1.8 кг, эм хониноос 2.1 кг, охин төлөгнөөс 1.6 кг. Ноосны бүрэлдэхүүний 85 хувь нь ноолуур, 1.6 хувь нь завсрын үс, 13.8 хувь нь сор эзэлдэг. Ноосны урт 14.6 см, ноолуур нь 9.0 см. Ноолуурын нарийн 20.6 мкм, ноосны цэвэр гарц 61.9 хувь. Ирэгний жин 53.0 кг, гулуузны жин 27.4 кг, махны гарц нь 51.0 хувь

Ерөө үүлдрийн хэсэг




Ерөө үүлдрийн хэсгийг 1981 онд баталсан. Үүлдрийн хэсгийг бий болгохдоо нарийн нарийвтар ноост хонийг Куйбышев үүлдрээр II үе хэртэл эрлийзжүүлж, Ромнимарш, Хойд Кавказ үүлдрээр цус сэлбэх аргыг хэрэглэсэн.
Үүлдрийн хэсгийг бий болгох туршилт, судалгааны олон хувилбарт ажлыг академч, доктор, профессор Г.Чадраабал удирдаж явуулсан. Үүлдрийн хэсгийг зохион бүтээгч Г.Чадраабал, Д,Лхагвасүрэн, Н.Баясгалан, Г.Сандаг, Н.Нямжаргал нар юм. Ерөө үүлдрийн хэсгийн хонийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үржүүлдэг.
Ерөө үүлдрийн хэсгийн хонь мах, ноосны хэвшлийн урт, гялалзсан, өнгөлөг, нарийвтар ноостой, түргэн өсч томрох, махлаг чанар сайтай. Ноос нь нэхмэл, сүлжмэл, эсгий бүтээгдэхүүн хийх, арьс нь үслэг эд хийхэд тохиромжтой.
Нас гйүцсэн хуц дунджаар 85.0 кг, төлгөн хуц 60.0 кг, эм хонь 60.0 кг, охин төлөг 47.0 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 6.0 кг, төлгөн хуц 4.1 кг, эм хонь 3.2 кг, охин төлөг 3.1 кг ноос өгдөг. Ноосны дундаж урт 11 см, нарийн нь 27.0-31.0 мкм, ноосны цэвэр гарц 57 хувь. Эр шүдлэн хонины дундаж жин 51.6 кг, гулуузны жин 24.0 кг, махны цэвэр гарц 46.5 хувь байдаг

Торгууд үүлдрийн хэсэг




Торгууд үүлдрийн хэсгийг 1983 онд баталгаажуулжээ. үүлдрийн хэсгийг бий болгохдоо нутгийн ууцан сүүлт хонийг Сараджин үүлдэртэй эрлийзжүүж I, II үеийн эрлийз хониноос тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлэх аргыг хэрэглэсэн. Үүлдрийн хэсгийг зохион бүтээгч нь Б.Пүрэв. Н.Сүхээ нар юм.
Торгууд хонины цөм сүргийг Ховд аймгийн Булган суманд үржүүлдэг. Торгууд хонь мах, өөх, ноосны чиглэлтэй. Биеийн хэмжээ, жингээр монгол хониноос илүү, ууцан сүүлтэй, цайвар бор зүстэй, хурга нь хар, бор зүстэй гарч цаашид цагаан ноостой болдог.
Нас гүйцсэн хуц 80.0 кг, төлгөн хуц 52.0 кг, эм хонь 60.0 кг, охин төлөг 48.0 кг. Бүдүүвтэр ноостой. Хуц 2.5 кг, төлгөн хуц 1.6 кг, эм хонь 2.0 кг, охин төлөг 1.5 кг ноос өгдөг.
Ноосны бүрэлдэхүүний 86 хувь нь ноолуур, 10.4 %, нь завсрын үс, 3.8%, нь сор, 3.8%, нь хялгас эзэлдэг.ноосны урт 17.7 см, ноолуурын урт 9.7 см, ноолуурын нарийн нь 22.5 мкм, ноосны цэвэр гарц 62.0 %, Эр хонины махны гарц нь 54 %, эр төлөгний нядлагын жин 25 кг, махны гарц нь 48 хувь

Тамир үүлдрийн хэсэг




Тамир хонийг 2001 онд үүлдрийн хэсэг болгон баталгаажуулсан. Төвийн бүсийн монгол хонийг Баяд, Үзэмчин, Чамар зэрэг шилдэг омгийн хониор сайжруулах туршилт, судалгааны ажлыг Б.Минжигдорж Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд 1966-1973 онд хийж эхний үе шатны дүнг гаргаж цаашдын үржил, селекцийн ажлын чиглэлийг тодорхойлжээ.
Тамир үүлдрийн хэсгийг бий болгохдоо төвийн бүсийн монгол хонийг байгаль, экологийн өвөрмөц нөхцөлд үрждэг монгол угсааны шилдэг омог хониор сайжруулах, тохиромжтой хэвшлийг сонгох олон хувилбарт аргыг хэрэглэсэн байна.
Үүлдрийн хэсгийг бий болгосон аргаараа эрдэмтэн Г.Самбуу, Б.Минжигдорж, С.Шархүү нар зохиогчийн эрх авсан. Энэ хонийг Архангай аймгийн Их тамир, Чулуут, Хангай, Цэнхэр суманд зонхилон үржүүлдэг.
Үржлийн хуц 64.0 кг, төлгөн хуц 52.0 кг, эм хонь 53.0 кг, охин төлөг 43.1 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуц2.0 кг, төлгөн хуц1.2 кг, эм хонь1.6 кг, охин төөлөг 1.2 кг.ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 83.0 хувь нь ноолуур, 10.8 хувь нь завсрын үс, 5.0 хувь нь хялгас эзэлдэг. Ноосны урт 16.1 см, ноолууурын урт 9.0 см. Эр хязаалан хонины жин 52.0 кг, гулуузны жин 24.0 кг, махны гарц 49.0 хувь

Сутай омог




Сутай хонийг 1990 онд бие даасан омог болгон баталсан. Сутай хонины ашиг шим, биологийн онцлог шинж байдлыг тодорхойлох судалгааг эрдэмтэн Б.Пүрэв удирдан явуулж байжээ. Зоотехникч З.Дамдин, Д.Бальдиржамц нар Сутай хонины үржил, ашиг шимийн чанарыг бататган сайжруулах, маллагааны технологийг боловсронгуй болгох чигэлэээр туршилт, судалгаа хийж, үржил-селекцийн ажлыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэж үр бүтээлтэй ажиллаж хувь нэмрээ оруулсан.
Сутай омгийн хонийг Ховд аймгийн Дарви суманд үржүүлдэг. Сутай хонь Сутай уулсын экологи нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, бүдүүн ноостой, богино өөхөн сүүлтэй, төлөрхөг чанар өндөр /115%/. Нас гүйцсэн хуц 70.0 кг, төлгөн хуц 45.0 кг, эм хонь 56.0 кг, охин төлөг 42.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 2.0 кг, төлгөн хуц 1.6 кг, эм хонь 1.6 кг, охин төлөг 1.4 кг ноос өгдөг

Барга омог




Барга хонийг 1990 онд бие даасан омог болгон баталсан. Эрдэмтэн З.Гончигжав, Д.Чойжил нар Барга хонины галбир, бие цогцос, ашиг шимийн талаар нэлээд судалгаа хийжээ. Барга хонины үржлийн фермийг Дорнод аймгийн Хөлөн буйр суманд байгуулж түүнийг цэврээр үржүүлэн хамгаалах ажлыг зохион байгуулсан.
Энэ хонины үржил, ашиг шимт чанарыг бататган сайжруулах үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах ажлыг малзүйч Н.Хутрангаа, Б.Биньеэ, Н.Доржготов, М.Бямбаа нар олон жил хариуцан гардан гүйцэтгэж ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Барга хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсон чийрэг бие цогцостой, цээж гүн, өндөрдүү биетэй, ууц ялимгүй өргөгдсөн, богинодуу зузаан, отоггүй сүүлтэй, мах, өөхөн ашиг шим давуу хөгжсөн.
Бүдүүн ноостой, ноосон дахь ноолуур нарийн /19.6 мкм/. Үржлийн хуц 75.1 кг, төлгөн хуц 46.0 кг, эм хонь 55.8 кг, охин төлөг 43.0 кг дундаж жинтэй. Хуцнаас 1.2 кг, төлгөн хуцнаас 1.1 кг, эм хониноос 1.2 кг, охин төлөгнөөс 1.0 кг ноос авдаг. Ноосны бүрэлдэхүүнд ноолуур 75.5 %, завсрын үс 5.3 %, сор 4.5 %, хялгас 14.7 % байдаг. Ноосны урт 14.7 см, ноолуурын урт 7.3 см, ноолуурын нарийн нь 19.6 мкм, ноосны цэвэр гарц 62.0 %. Эр шүдлэн хонины жин 47.1 кг, гулуузны жин 22.2 кг, махны гарц 47.1 хувь

Дархад омог




Дархад хонийг 1990 онд бие даасан омогоор баталсан. Дархад хонийг цэврээр нь үржүүлж удмын санг хамгаалах, үржил, ашиг шимт чанарыг бататган сайжруулах ажлыг зохион байгуулж олон жил үр бүтээлтэй ажилласан мал зүйч Б.Цэрэнжавын оруулсан хувь нэмэр их юм.
Дархад хонийг Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ, Улаан уул, Баянзүрх суманд үржүүлдэг. Ринчинлхүмбэ суманд үржлийн ферм байгуулж цөм сүргийг үржүүлж байсан. Дархад хонь өндөр уул, тайгын бүсийн нөхцөлд гойд зохицсон, чийрэг бие цогцостой, хүйтэнд тэсвэртэй, ялангуяа их цастай өвөл, хаврын улиралд бэлчээрийг ашиглах, цас туулах онцгой чадвартай, ноосонд ноолуур их, хялгас бага, ноосны чанар сайн учир хивс, бүтээлэг хийхэд нэн тохиромжтой гэж үйлдвэрүүд үнэлдэг.
Үржлийн хуцны жин 70.1 кг, төлгөн хуцных 46.0 кг, эм хониных 50.9 кг, охин төлөгнийх 44.0 кг. Ноосны жин хуцных 1.7 кг, төлгөн хуцных 1.3 кг, эм хониных 1.5 кг, охин төлөгнийх 1.0 кг. Ноосны бүрэлдэхүүний 87 хувь нь ноолуур, 5.8 хувь нь завсрын үс, 5.9 хувь нь сор, 1.3 хувь нь хялгас байдаг. Ноосны урт 14.9 см, ноолуурын урт 10.2 см, ноолуурын нарийн 20.2 мкм, ноосны цэвэр гарц 61.9 хувь. Эр шүдлэн хонины жин 40.4 кг, гулуузны жин 16.2 кг, махны гарц нь 40 хувь

Жаргалант үржлийн хэсэг




Жаргалант үржлийн хэсгийг 1991 онд баталсан. Үүлдрийн хэсгийг гаргахдаа нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост эрлийз хонийг Грузины өөхөн сүүлт, нарийвтар ноост үүлдрээр эрлийзжүүлж II үеэс тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлэх аргыг хэрэглэсэн.
Жаргалант үржлийн хэсгийн зохион бүтээгчээр МУ-ын төрийн шагналт, гавъяат зоотехникч Т.Аюурзана, дэд доктор А.Лүгтэгсүрэн нар батлагджээ.
Жаргалант үржлийн хэсгийн хонийг Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхонтуулд үржүүлдэг. Жаргалант хонь богинодуу, лагс биетэй. Өөхөн сүүлтэй, нарийвтар ноостой.
Мах нь алагдуу, шорлог хийхэд нэн тохиромжтой. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн хуц дунджаар 65.0 кг, төлгөн хуц 45.0 кг, эм хонь 50.0 кг, охин төлөг 41.0 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 3.5 кг, төлгөн хуц 2.8 кг, эм хонь 2.5 кг, охин төлөг 2.2 кг ноос өгдөг. Ноосны дундаж урт 8 см, нарийн нь 25.1-31.0 мкм, ноосны цэвэр гарц 58%. Ирэгний жин 60.5 кг, гулуузны жин 27.8 кг, махны цэвэр гарц нь 50.2 хувь байдаг

Алтанбулаг үржлийн хэсэг




Алтанбулаг хонийг 1996 онд үржлийн хэсгээр баталсан. Мах, өөх, ноосны чиглэлийн хонины аж ахуйг хөгжүүлж мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх туршилт, судалгааны ажлыг эрдэмтэн Л.Балдандаш Я. Нямаа нар хариуцан гүйцэтгэжээ.
Үржлийн хэсгийг бий болгохдоо монгол хонийг ууцан сүүлтэй Эделбай, Гиссар үүдэртэй эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг дотор нь сонгон үржүүлэх аргыг хэрэглэжээ.
Үржлийн хэсгийг зохион бүтээгч нь хөдөө аж ахуйн ухааны шинжлэх доктор Я.Нямаа юм. Энэ хонийг үржүүлэхэд Алтанбулагийн “Хөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсан мал зүйч Н.Доржготов, Н. Бямбажав нар ихээхэн хувь нэмэр оруулжээ. Үржлийн хэсгийг Төв аймгийн Алтанбулаг суманд үржүүлдэг.
Нас гүйцсэн хуц 82.0 кг, төлгөн хуц 58.0 кг, эм хонь 62.0 кг, охин төлөг 51.0 кг дундаж жинтэй., Нас гүйцсэн хуц1.4 кг, төлгөн хуц 1.2 кг, эм хонь 1.2 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 56.5 хувь нь ноолуур, 5.4 хувь нь завсрын үс, 12.0 хувь нь сор, 26.7 хувь нь хялгас эзэлдэг. Ноосны урт 13.6 см, ноолурын урт 9.5 см. Ирэгний нядлагын жин 72.0 кг, гулуузны жин 35.0 кг, махны гарц нь 54.7 хувь. Эр шүдлэн хонины нядлагын жин 50.6 кг, гулуузны жин 22.7 кг, махны гарц 49.6 хувь

Хотонт үржлийн хэсэг




Хотонт хонийг 1996 онд үржлийн хэсэг болгон баталсан. Монгол хонины дотроос нугалам, хавирга илүү хонийг илрүүлж удамших зүй тогтлыг судлан тухайн шинжээр сонгон үржүүлэх боломжтойг тодорхойлсон үржил, селекцийн ажлыг дэс дараалалтай явуулснаар илүү нугаламтай үржлийн хэсгийн бүлэг хонийг бий болгосон.
Энэ чиглэлээр судалгаа, үржлийн ажлыг зохион байгуулсан, үржлийн хэсгийн зохион бүтээгч Б.Минжигдорж, Х.Санжмятав нар уг хонийг сонгох, үржүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй арга боловсруулсан 3 бүтээлээр зохиогчийн эрх авсан байна. Энэ хонийг үржүүлдэг малчин Г.Лхагважав Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Мал зүйч С.Жамбалсүрэн үр бүтээлтэй ажиллаж тодорхой хувь нэмэр оруулжээ. Хотонт хонь жирийн хониноос нурууны 1-2 нугалам илүү учраас жин, махны унац давуу. Нэг айлын хоногийн хоолны мах элбэг хүрэх илүү махтайгаараа онцлог юм. Хотонт хонь бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, сээр, харцаганы нугалам, хос хавирга илүү, харьцангуй уртлаг биетэй, махан ашиг шим сайтай, бүдүүн ноостой. Үржилийн хэсгийн хонины цөм сүргийг Архангай аймгийн Хотонд суманд үржүүлдэг.
Үржлийн хуц 68.2 кг, төлгөн хуц 54.1 кг, эм хонь 53.1 кг, охин төлөг 43.2 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуц 1.8 кг, төлгөн хуц 1.3 кг, эм хонь 1.2 кг, охин төлөг 1.1 кг ноос өгдөг. Хотонт хонийг үржүүлэх сонирхол, дотоод, гадаад зах зээлийн хэрэгцээ их байгаа нь энэ хонио өсгөн олшруулах, чанар чансааг сайжруулан үржлийн шилмэл хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулж борлуулах улмаар малчдын орлого нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой

Хонины насыг шүдээр тодорхойлох




Хонь дээд эрүүндээ үүдэн шүд, соёогүй, 6 хос араатай, доод эрүүндээ 8 үүдэн шүдтэй, соёогүй, 6 хос араатай, нийт 32 шүдтэй. Хонины шүдний зохион байгуулалтын томъёо:

Дээд эрүүнд Үш 0 + Со 0 + Ар 6 + 6
Доод эрүүнд Үш 8 + Со 0 + Ар 6 + 6

                                Үш - үүдэн шүд
                                Со – соёо
                                Ар – араа

Хурга эхээс гарахдаа ихэвчлэн шүдгүй байх ба 1-3 сартайд доод эрүүнд нялхын 8 үүдэн сүүн шүд, дээд, доод эрүүнд тус бүр 3 хос нялхын араанууд ургаж нийт 20 шүдтэй болно. Нялхын буюу сүүн шүд хэмжээгээр жижиг, цагаан өнгөтэй байхад ясан шүд том шаравтар өнгөтэй байдаг.
Цаашид хонины шүдийг нялхын шүд ясан шүдээр солигдох болон ясан шүдний элэгдлээр тодорхойлж насчлан нэрлэнэ. Төлийг гарсан эхний жилд хурга , нэг нас хүрхэд төлөг гэж нэрлэх бөгөөд энэ үедээ нялхын /сүүн/ шүдтэйгээ байна.

Есөн сартайд байнгын эхний хос араа ургаснаар 24 шүдтэй, 1.5 настайд дараагийн хос араа ургаснаар 28 шүдтэй, 2 настайд сүүлчийн хос араа ургаснаар 32 шүдтэй болно.

Нэг хас зургаан сартайгаас хоёр насанд нялхын /1,2,3-р хос/ сүүн араанууд унаж ясан араагаар голын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй хонины эрийг шүдлэн хонь, охиныг зусаг хонь гэж нэрлэнэ. Учир нь хонь төлгөндөө хээл авч зусгандаа хургалах учир зусаг хонь гэж нэрлэнэ.

Хоёр нас зургаан сартайд голын хажуугийн 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй хонины эрийг хязаалан эр хонь, охиныг сагиль хонь гэж нэрлэнэ. Учир нь энэ үед хонь 2-дахь удаагаа хургална.

Гурван нас зургаан сартайд захын дотор талын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй хонины эрийг соёолон эр хонь, охиныг эм хонь гэж нэрлэнэ.

Дөрвөн нас зургаан сартайд захын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй хонины хөнгөлсөн эрийг ирэг, хөнгөлөөгүйг хуц, охиныг эм хонь гэж нэрлэнэ.

Таваас зургаан насанд хонины үүдэн шүдний хурц ирмэг илэгдэж тэгширнэ.

Долоогоос найман насанд үүдэн шүдний илэгдэл улам лавширч, голоосоо хотойн богиносч хоорондоо зай гарна.

Есөөс- арван насанд шүдний хоорондын зай ихсэж сийх, буйлнаасаа сугарч хөдлөх, улмаар голоосоо унаж эхэлнэ. Хонь дундажаар 12 жил насалдаг. Хонийг 7 нас хүртэл үржилд ашиглаж болох юм. Түүнээс хойш аж ахуйн хэрэгцээнд хэрэглэх нь зүйтэй.

Хонины зүс:




Ноосны ашиг шимийн чиглэлийн хонь зонхилж цагаан зүстэй байх ба энэ нь хонийг энэ зүсээр сонгож үржүүлсэнтэй холбоотой. Харин нутгийн үүлдрийн хонины зүс олон янз байдаг нь зүсээр сонгож үржүүлээгүйтэй холбоотой. Тухайлбал, монгол хонинд хундан цагаан, хар, бор, хөх, улаан болон янз бүрийн алаг зүс зонхилох боловч хар, бор, улаан, хөх толгой, хар, бор, шар, хөх нүдэн, бас хар, бор, шар, хөх тохомтой болон хөл дээрээ өвөрмөц содон шинж тэмдэгтэй зүснүүд байдаг.
Хонины биеийн аль нэгэн хэсэгт содон тэмдэг байгаа боловч их бие нь цагаан зүстэй хонь зонхилдог. Ийм хонийг тухайн содон зүсээр нэрлэдэг. Тухайлбал: хар, бор, хөх толгойтой хонь, эсвэл хар, бор, шар нүдэн хонь гэх мэт. Мөн хонины ашиг шимийн чиглэлээс хамаарч зүс өөр байна.
Махны хэвшлийн хонь улаан, хар зүстэй байхад хурганы буржгар арьсны хонь саарал, хар, хүрэн болон сорлог, алтлаг, мөнгөлөг зэрэг олон янз байна. Хонийг зүслэхэд эврийн хэлбэрт их ач холбогдол өгнө. Эврийн хэлбэрийг дотор нь угалзан, даргай, дугуй, матигар, мэхээр, унжсан эвэрт хуваана. Угалзан эвэр нь гадагшаа эрчлэн цагираг үүсгэж угнаасаа үзүүрлүүгээ нарийссан байдаг

Тархалт

Vvлдэр, омгийн хониний байршилт

1. Керей

6. Говь-Алтай

11. Хангай

16. Барга

2. Баяд

7. Дархад

12. Орхон

17. Vзэмчин

3. Сутай

8. Хотонт

13. Ерєє

18. Сvмбэр

4. Торгууд

9. Байдраг

14. Жаргалант

19. Тамир

5. Сартуул

10. Алтанбулаг

15. Талын цагаан

20. Монгол

2007 болон 2010 оны хонин сүргийн тоо аймаг нийслэлээр

д/д

Аймаг, нийслэл

2007 он

2010 он

Баруун бүс

1

Баян-Өлгий

641,0

459,8

2

Говь – Алтай

775,1

396,2

3

Завхан

1465,3

859,1

4

Увс

1278,2

776,9

5

Ховд

907,2

594,2

Хангайн бүс

6

Архангай

1358,1

1327,5

7

Баянхонгор

628,1

543,8

8

Булган

989,9

1179,8

9

Орхон

87,6

73,1

10

Өвөрхангай

1462,1

869,6

11

Хөвсгөл

1441,9

1363,9

Төвийн бүс

12

Говьсүмбэр

74,2

65,2

13

Дархан-Уул

102,2

127,6

14

Дорноговь

310,9

421,3

15

Дундговь

944,3

529,7

16

Өмнөговь

296,5

212,8

17

Сэлэнгэ

453,5

612,2

18

Төв

1249,3

1358,7

Зүүн бүс

19

Дорнод

611,4

550,8

20

Сүхбаатар

776,3

961,2

21

Хэнтий

1008,3

1068,3

22

Улаанбаатар

128,7

101,6

Ашигласан материал

· http://www.mofa.gov.mn

· haa.dayar.mn

· biznetwork.mn

· www.tulhuur.com

· www.nhaag.ub.gov.mn

· www.selenge.mn

· rdmongolia.blogspot.com

· mn.wikipedia.org

· mongolia.wvasiapacific.org

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)